Элсүүлэх журам

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬДАНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬДГАДААДЫН ИРГЭНИЙГ ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ СУРГАЛТАД ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. АШУҮИС-ийн Төгсөлтийн өмнөх сургалтад гадаадын иргэнийг суралцуулахад БСШУ-ны Сайдын 2001 оны 113 дугаар тушаалаар баталсан “Монгол улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам” болон энэхүү журмыг баримтална.
1.2. Төгсөлтийн өмнөх сургалтын элсэлтийг хичээлийн жилд 1 удаа зохион байгуулна.

ХОЁР. ЭЛСЭН СУРАЛЦАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1. АШУҮИС-д суралцах хүсэлтэй гадаадын иргэн нь Монгол улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандартад дүйцэхүйц өмнөх шатны боловсрол эзэмшсэн байна. 
2.2. Төгсөлтийн өмнөх сургалтад хамрагдах хүсэлтэй гадаадын иргэн нь 18 нас хүрсэн, хууль эрх зүйн хувьд өөрийгөө хариуцах бүрэн чадамжтай байна.
2.3. Төгсөлтийн өмнөх сургалтад элсэх хүсэлтэй гадаадын иргэн нь монгол хэлийг харилцааны түвшинд эзэмшсэн байх ёстой ба үүнийг нотлох диплом, гэрчилгээний хуулбарыг элсэх, суралцах хүсэлт гаргах үед ирүүлнэ. Хэрэв тийм нотолгоо үгүй бол АШУҮИС-ийн Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт /3, 6 сар, 1 жилийн багц цагийн/ хамрагдаж бүрэн дүүргэсэн тохиолдолд элсүүлнэ.
2.4. Эсхүл тухайн гадаадын иргэний анхдагч, хоёрдогч хэл нь англи хэл бол тухайн хөтөлбөрт заавал монгол хэлний чадвар шаардахгүй. Бусад тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний түвшин тогтоох шалгалтын (IBT TOEFL, IELTS г.м) гэрчилгээгээр нотолсон байна.
ГУРАВ. ЭЛСЭХ, СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ГАРГАХ
3.1. АШУҮИС-д элсэхийг хүсэгч нь АШУҮИС-ийн вэб хаягаар Англи хэлээр бүртгүүлнэ.
3.2. Төгсөлтийн өмнөх сургалтад суралцах хүсэлтэй гадаадын иргэн жил бүрийн 02 дугаар сарын 1-нээс 04 дүгээр сарын 1-ны хооронд бүртгүүлнэ.
3.3. Дээрх хугацаанаас хэтрүүлэн гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авахгүй.
3.4. АШУҮИС-ийн АШУҮИС-ийн вэб хаягт байршуулсан өргөдлийн маягтыг бөглөж, дараах бичиг баримтуудын цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:
 Цээж зураг цахим хэлбэрээр /сүүлийн 6 сард авахуулсан байх/
 Өмнө нь эзэмшсэн боловсролын түвшинг илтгэх диплом /гэрчилгээ/, дүнгийн хавсралтыг англи эсвэл монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт
 Тухайн улсын иргэнийг нотлох бичиг баримт эсвэл гадаад паспорт /хүчинтэй хугацаа 3-аас дээш жил/
 Элсэх, суралцахыг хүсэгч гадаадын иргэний төрөлх хэл нь монгол хэл биш бол монгол, англи хэлний мэдлэг, чадварын түвшинг илтгэх бичиг баримт /сүүлийн 2 жилийн хугацаанд хүчинтэй TOEFL, IELTS-ийн оноо бүхий гэрчилгээ/
 Өөрийн суралцахыг хүсч буй мэргэжлийн чиглэлээр 500 үгэнд багтааж Англи эсвэл Монгол хэлээр бичсэн эсээ

ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, МЭДЭГДЭХ
4.1. Хоёр улсын Засгийн газар хоорондын болон АШУҮИС-тай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцах иргэдийг АШУҮИС-ийн захирлын тушаалаар шууд элсүүлэн суралцуулна.
4.2. АШУҮИС-д суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэний хүсэлтийг тухайн хичээлийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хянаж, монгол хэлээр суралцахыг хүсэгчдээс түвшин тогтоох шалгалтыг Гадаад хэлний тэнхимтэй хамтран цахим хэлбэрээр зохион байгуулна.
4.3. АШУҮИС-ийн Элсэлтийн комисс нь гадаадын иргэдийн хүсэлтийг холбогдох шаардлагыг хангасан тохиолдолд суралцах зөвшөөрөл олгохыг БСШУСЯ-наас хүснэ.
4.4. БСШУСЯ-наас суралцах зөвшөөрөл олгосон гадаадын иргэнд АШУҮИС-д суралцах эрхийн бичгийг холбогдох хаягаар /цахим, шуудан/ илгээнэ. Үүнд: Монгол улсад суралцах виз авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх тухай Тухайн хичээлийн жил эхлэхээс өмнө сургалтын төлбөрийг хэрхэн төлөх тухай АШУҮИС-ийн тухай танилцуулга Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл Оюутны дотуур байрны мэдээлэл зэргийг заавал дурьдсан байна.
4.5. Суралцах эрхийн бичиг нь дараалсан 2 жилийн хугацаанд хүчинтэй.
4.6. Хэрэв АШУҮИС-ийн Элсэлтийн комисс суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэний бичиг баримтын бүрдэл дутуу, холбогдох шаардлагыг хангаагүй тохиолдолд суралцуулахаас татгалзсан хариуг ажлын 10 хоногийн дотор холбогдох хаягаар илгээнэ.
ТАВ. ВИЗ МЭДҮҮЛЭХ, ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ
5.1. Суралцах эрх болон зохих ангиллын визийн зөвшөөрөл авсан Гадаадын иргэн Монгол улсад орж ирсэнээс хойш ажлын 5 хоногт ГИХГ-т бүртгүүлж, 21 хоногийн дотор ГИХГ-аас Монгол улсад оршин суух зөвшөөрөл тус тус авна.
5.2. АШУҮИС-д суралцах эрх авсан гадаадын иргэн Монгол улсад суралцах визийн холбогдолтой асуудлаар АШУҮИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газраас зөвлөгөө авч болно.
5.3. Монгол улсад оршин суух зөвшөөрөл болон визтэй холбогдон гарах аливаа зардлыг бүх суралцагч өөрөө хариуцна. 
5.4. Амралтаар нутаг буцах суралцагч нь чөлөө олгохыг хүссэн өргөдөл, чөлөө олгохыг зөвшөөрсөн холбогдох албан тушаалтны гарын үсэг, тухайн улирлын дүнгийн жагсаалтын хамт Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт ирүүлэх ба 7-14 хоногт багтаан ГИХГ-т хандаж гарах, орох визний албан бичиг хийж өгнө.
5.5. Гарах, орох визийг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлбэл нэг жилийн “S” ангиллын визний урилгыг дахин явуулахгүй, АШУҮИС-д суралцуулах гэрээг цуцлах үндэслэл болно.
5.6. Суралцагч оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө АШУҮИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт мэдэгдэж, зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах материалаа бүрдүүлж өгнө.
ЗУРГАА. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ, СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ХУРААМЖ
6.1. Суралцах эрх авсан гадаадын иргэн хичээлийн жил эхлэхээс 14 хоногийн өмнө дараах материалыг эх хувиар авчирч бүртгүүлнэ. Үүнд: 
 Өмнө нь эзэмшсэн боловсролын түвшинг илтгэх диплом /гэрчилгээ/ эх хувь, дүнгийн хавсралтын хамт англи эсвэл монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт Монгол хэл эсвэл англи хэлний түвшинг илтгэх бичиг баримт эх хувь Тухайн улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 3-аас дээш жил/ Сургалтын төлбөр төлсөн баримт /Ам.доллараар, тухайн өдрийн Монголбанкны ханшаар байх/ Цээж зураг 6 хувь /сүүлийн 6 сард авахуулсан байх/ Эрүүл мэндийн бичиг /Цахим хуудсан дах загвараар/ Бүртгэлийн хураамж төлсөн баримт /50 ам.доллар, тухайн өдрийн Монголбанкны ханшаар байх/
6.2. АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн тогтоол болон АШУҮИС-тай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт дурдсан сургалтын төлбөрийг тухайн гадаадын иргэн төлнө. 6.3. Сургалтын төлбөр бүрэн төлж бүртгүүлсэн элсэгчдийг АШУҮИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулж, анги хэсэгт хуваарилна.  6.4. Суралцах эрх авсан суралцагчид АШУҮИС-д суралцах гэрээг байгуулна.
6.5. АШУҮИС-д суралцах эрх авсан гадаадын иргэн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалыг зайлшгүй хийлгэнэ. Тухайн төлбөр нь сургалтын төлбөрт ороогүй болно.
ДОЛОО. СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
7.1. АШУҮИС-ийн оюутан болсон гадаадын иргэн Монгол улсын иргэнтэй адил дүрэм, журмаар суралцана.
7.2. АШУҮИС нь гадаад оюутны сургалт хариуцсан нэгжтэй байх ба энэхүү нэгж нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гадаадын оюутныг дэмжих чиглэлээр ажиллана.  
7.3. Бүрэлдэхүүн сургууль, тэнхим, алба нь АШУҮИС-ийн дүрэм, журам, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцна.
7.4. Сургалтын бодлого зохицуулалтын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар, бүрэлдэхүүн сургууль нь сургалтын болон холбогдох бусад үйлчилгээтэй холбоотой суралцагчийн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.
7.5. Сургалтаас бусад үед өөрийн хүсэл сонирхлоор хөдөө орон нутаг болон бусад газарт зорчсонтой холбоотой үүсэх аливаа харилцааны хариуцлагыг суралцагч өөрөө хүлээнэ.
НАЙМ. СУРАЛЦАГЧИЙГ ЧӨЛӨӨЛӨХ, ШИЛЖҮҮЛЭХ, БҮРМӨСӨН ЧӨЛӨӨЛӨХ
8.1. Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх, бусад сургуульд шилжин суралцах хүсэлт гаргасан тохиолдолд АШУҮИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулж ГИХГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг цуцлуулж түүнтэй холбогдон гарах зардлыг суралцагчаар гаргуулна.
8.2. Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдвөл зохих журмын дагуу сургалтын төлбөрийн үлдэгдлийг буцаан олгоно.
8.3. Суралцагч Монгол улсын хууль, их сургуулийн дүрэм, журмыг зөрчсөн бол сургуулиас бүрмөсөн чөлөөлж, ГИХГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож үлдсэн сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.
ЕС. БУСАД
9.1. АШУҮИС-ийн оюутан эхний 1 жил заавал АШУҮИС-ийн оюутны дотуур байранд оршин суух гэрээг байгуулж, хуваарилагдсан өрөөнд байрлана.
9.2. АШУҮИС-д суралцаж байх хугацаандаа иргэний харьяаллаа сольж, Монгол улсын иргэн болсон тохиолдолд гадаад оюутны статусыг цуцална. Дараагийн хичээлийн жилээс сургалтын төлбөрийг Монгол улсын иргэнтэй адил хэмжээтэй тогтооно.

------оОо------