Хөтөлбөрийн тухай

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

   Анагаах ухааны чиглэлээр оюутан төвтэй, чадамжид суурилсан, уялдуулсан блок сургалтаар хүний эрүүл мэндэд тулгарах асуудлыг шийдвэрлэх зохих түвшингийн мэдлэг, эмнэлзүйн ур чадвар, эмчийн ёс зүй, хандлага төлөвшсөн “хүний их эмч” бэлтгэх 207 багц цагийн багтаамж бүхий бакалаврын түвшний боловсрол эзэмшүүлэх өдрийн сургалтын цогц баримт бичгийг хөтөлбөр гэнэ.    

       “Хүний их эмч” бакалаврын сургалтын боловсрол эзэмшсэн эмч нь ард олонд түгээмэл тохиолдох өвчин, эмгэгүүд, согог, гажгуудын оношлогоо, эмчилгээ ба урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх ур чадвар бүхий бэлтгэлтэй эмнэл зүйн харилцааны болон гардан хийх ур чадвартай эмчийн ёс суртахуунаар төлөвшсөн мэргэжилтэн байна.

       Монгол улсын эрүүл мэндийн тухай хуулийг баримтлан эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрэлт хэрэгцээнд тохирсон цогц чадамжтай эмч бэлтгэн нийгэмд нийлүүлэх хэрэгцээтэй байна.

     Анагаах ухааны бакалаврын боловсрол эзэмшин их сургууль төгсөж буй Хүний их эмч гэж CanMEDS-ийн үндсэн 6 үүргийг хослуулан үйлчлүүлэгч, үйлчлүүлэгч төвтэй анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг өндөр мэдлэг, эмнэлзүйн ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн мэргэжилдээ жинхэнэ мэргэшсэн цогц чадамжтай хүнийг хэлнэ. CanMEDS-ийн үндсэн 6 үүргийг “CanMeds 2015”-ийн зарчимд үндэслэн Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллахаар анагаах ухааны боловсрол эзэмшин төгсөж буй бүх хүний эмч нарын заавал эзэмшсэн байх ёстой харилцагч (21 чадамж), хамтрагч (12 чадамж), зохион байгуулагч (18 чадамж), эрүүл мэндийн зөвлөгч (7 чадамж), тасралтгүй суралцагч (15 чадамж), мэргэжилтний (23 чадамж) ерөнхий чадамжуудыг эзэмшихээр тусгасан байдаг.

   Хүний их эмч нь эзэмшсэн мэргэжлээрээ мэдээллийг цуглуулж тайлбарлах, эмнэлзүйн шийдвэр гаргахад санал өгөх, оношилгоо, эмчилгээний тодорхой үйлдлүүдийг хийж гүйцэтгэх чадвартай байхад суралцах бөгөөд харилцагч, хамтрагч, зохион байгуулагч, зөвлөгч, тасралтгүй суралцагч, мэргэжилтэн хэмээх 6 үндсэн үүргийг гүйцэтгэх чадвартай байна.

      Хөтөлбөрт тусгагдсан багц цаг нь 6 жилийн хугацаанд судлах 243 багц цаг, нэг жилд 40,5 багц цаг судалдаг. Харин бусад мэргэжлээс ялгаатай нь төгссөн эмч нар маань цаашид эмч нарын үндсэн мэргэшил эзэмшүүлэх сургалт, төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх сургалт гэсэн 2 төрлийн сургалтаар суралцах боломжтой байдаг.